Бүхэл бүтэн киног ганцхан секундын дотор татна гэвэл ямар санагдаж байна? Мобайл чипний зах зээлд тэргүүлэгч "Qualcomm" өнгөрсөн Даваа гаригт "Snapdragon X50" нэртэй 5G модемоо танилцуулжээ.
Одоогоор хамгийн хурданд тооцогдоод байгаа 4G сүлжээгээр дунджаар 13.5 мегабайт хурдтайгаар файл татдаг. Тэгвэл дээрх чипний тусламжтайгаар нэг секундэд таван гегабайтын хурдтайгаар таталт хийх боломжтой.
"Qualcomm" энэхүү чипээ 2017 оны хоёрдугаар хагаст зах зээлд гаргаж эхлэхээр төлөвлөжээ. Харин ийм чиптэй гар утас 2018 оны эхээр худалдаалагдаж эхлэх аж.
Гэхдээ 2018 онд шууд таван гегабайт татах хурдтай интернэт гарна гэсэн үг биш. Учир нь 5G сүлжээнд зориулсан дэд бүтцийг шийдэх хэрэгтэй.
5G нь цацагчаас хол зайнд сүлжээ барих, хана нэвтлэх боломжгүй гэнэ. Тиймээс нэг том дохио дамжуулагч бус Wi-Fi цацагч шиг бичил төхөөрөмж угсрах хэрэгтэй болох аж.
Ямартай ч Өмнөд Солонгосын "KT" компани 2018 оны Өвлийн олимпоос өмнө улсдаа уг сүлжээг нэвтрүүлж, 5G-тай анхны улс болохоо зарлалаа.
Одоогоор модем, чипний зах зээлд хамгийн хүчтэй өрсөлдөгчид нь "Intel", "Qualcomm" нар байна. Тиймээс "Intel" удахгүй 5G чип бүтээж эхлэх нь гарцаагүй.